Блог №1: ARS ГЭЖ ЮУ ВЭ?

Team of ARS'19-23
2 min readSep 13, 2020

--

Та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Мөн шинээр эхлүүлж буй блогийн маань эхний дугаарыг унших гэж буй та бүхэнд талархлаа илэрхийлж байна.

Цаашид энэхүү нийтлэлээрээ дамжуулан ахлах ангийн сурагчид, шинээр оюутан болж буй залууст өөрсдийн төрөл бүрийн туршлага дээрээс олж авсан мэдлэгээ хүргэх зорилготой тул Зөв тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож буй хэн бүхэн уншихад илүүдэхгүй болов уу.

Эхний дугаараараа ARS буюу Зөв тэтгэлэг гэж яг юу болох талаар зохион байгуулагчдын зүгээс бус анхны жилийн тэтгэлэгт оюутнуудын зүгээс танилцуулж буй танилцуулгыг хүлээн авна уу.

1. ARS бол Монгол улсад зарлагддаг дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хамгийн өндөр сантай тэтгэлэг юм. Учир нь төрийн өмчийн их дээд сургуулиудад тэнцсэн төгсөх ангийн сурагчдын дунд 3 үе шат бүхий сонгон шалгаруулалтыг явуулж тэнцсэн тохиолдолд дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг олгодог билээ. Мөн үүнээс гадна, орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр, хичээлд шаардлагатай нэгж болон дата зэрэг бусад төлбөрийг ч сангаас хариуцдаг. Та энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар санхүүгийн хувьд санаа зовохгүйгээр суралцах, хөгжих боломжтой болох юм.

2. ARS бол мөнгөн тэтгэлэг олгохоос гадна маш олон төрлийн үйл ажиллагааг өөртөө багтаасан цогц хөтөлбөр юм. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар хувийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах, гэрээт байгууллагуудын үйлчилгээнд хамрагдах, ирээдүйн мэргэжлийн тань зөвлөх буюу ментортой болох, суралцахын хажуугаар цалинтай болон сайн дурын дадлага хийх боломж нээгддэг.

3. ARS бол хөтөлбөрийнхөө оюутнуудад хэнээр ч шаардуулахгүй сайн оюутан байх хариуцлагыг суулгадаг. Учир нь 4 жилийн турш тэтгэлгээ тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд нийгмийн ажил, сурлага, урлаг спорт, ёс зүй, хүмүүнлэгийн чиглэлээрх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, түүгээрээ дамжуулан өөрийгөө байнга хөгжүүлж байх үүрэг хүлээдэг. Мөн Зөв тэтгэлгийн маань санхүүгийн эх үүсвэр сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваас бүрддэг учир хандивлагч хүмүүсийн бидэнд итгэсэн итгэлийг алдахгүй байх нь бидний бас нэгэн том үүрэг хариуцлага билээ.

4. ARS бол зөв хүрээлэл бүхий хамт олны нэгдэл. Та энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар 4 жилийн хугацаанд шилдэг оюутнуудтай хамтран ажиллах, найз нөхөдтэй болж, хамтдаа төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа удирдан зохион байгуулах, төсөл санаачлан хэрэгжүүлэх гэх мэт олон зүйл дээр багаар ажиллах чадварт суралцана. Үүнээс гадна сайн ах эгч байх, дараа оны тэтгэлэгт хамрагдсан дүү нартаа үлгэр жишээч байх, тэдэнд туслах үүрэг хариуцлагыг давхар хүлээдэг.

5. ARS эх оронч үзэл бүхий иргэдийг төлөвшүүлэх эрхэм зорилготой. Тэр ч утгаараа хандивлагчдын мөнгөөр гадаадад нэг хүүхдийг тэтгэлэгтэй сургах бус Монголд жил бүр арван хүүхдийг дэмжиж суралцуулдаг. Та энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар эх орондоо хайртай, эх орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй жинхэнэ Монгол улсын иргэн болон төлөвших болно.

Эцэст нь яагаад Зөв тэтгэлэг вэ гэж үү? — Зөв хүндээ Зөв тэтгэлэг олгодог учраас.

Дараагийн блогоороо эргэн уулзацгаая!

Албан ёсны танилцуулгыг үзэхийг хүсвэл дараах холбоосуудаар зочлоорой.

Веб хуудас: http://arightscholar.org/index.php/mn/

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/arightscholar/

ARS19–23 оюутан: Э. Ариунзаяа, С. Осоржамаа

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

No responses yet

Write a response